Жоанни Кюртэ хамтран оролцов
—
Цомгийн дэлгүүр болон тоглолтын үеэр бэлэн цомог
Tserendavaa & Tsogtgerel, Xoer Altai (chants diphoniques de l’Altai Mongol)
Цэрэндаваа ба Цогтгэрэл, Хоёр Алтай (Монгол Алтайн Хөөмий)
16 нэр хөгжим бүхий CD болон 2006 оны Лэз Ориентал Фестивальд тоглосон нэмэлт 9 нэр хөгжимтэй DVD
Нүүдэлчин Зам Холбоо, Бюда Мюзик, 2007 (Франц Юниверсалаар түгээгдэж байна)
—
Аялан тоглолт болон продакшн: Нүүдэлчин Зам Холбоо
Яндашгүй баян Монгол ардын хөгжим нь нүүдэлчин малчдын дунд аман хэлбэрээр үеэс үе дамжин уламжлагдан ирсэн ба хөөмийч Цэрэндаваа ч хүү Цогтгэрэлдээ ур чадвараа энэ маягаар өвлүүлсэн байна. Монгол орны баруун хязгаарт орших Жаргалант Алтай уулын хормойд буй Чандмань сум нь хөөмийн уламжлалыг мөнхжүүлсэн нутаг билээ. Цэрэндаваа бол өгүүлэхүйн эрхтэний урлагийн энэхүү арга барилыг эзэмшсэн өнөө цагийн хамгийн агуу хөөмийчдийн нэг юм. Үзэгч олныг нутаг усныхаа ардын хөгжмөөр аялуулахын тулд Цэрэндаваа, хүү Цогтгэрэлтэйгээ хөөмийлэхийн сацуу уртын дуу, богино дуу, магтаал магтан, исгэрээ исгэрч, морин хуур, товшуур хөгжмөөр тус тус тоглоно. Цэрэндаваагийн шавь, хөөмий судлаач Жоанни Кюртэ тоглолтын явцад тэдэнтэй нэгдэн хөөмийлнэ.
Уран бүтээл түгсэн газрууд:
Лэз Ориентал фестиваль, Лэз Эскаль фестиваль, Лэ Рээв дэл Аборижэн фестиваль, Монголын долоо хоног Фландэрт фестиваль, Нийс хотын Азийн урлагийн музей, Лэ Мон хотын Соёл, чуулганы ордон, Шомбэри хотын Урлагийн хотхон, Лэ Мон хотын Лэспаль тайз…
Төслийн товч түүх
Хөөмий сурч, угсаатны хөгжим судлалын судалгаагаа эхлүүлэхээр Жоанни анх удаа Монголд очсон нь 2004 он байлаа. Ингээд ирээдүйн багш Цэрэндаваатай уулзсанаар энэ төслийн суурь тавигдсан юм. Цэрэндаваа Жоаннид тухайн үед өсвөр настай байсан хүү Цогтгэрэлээ урлагийн хүн болгох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ба Жоанни тэдэнд урлагаар замнах боломж бололцоо бий болгохын тулд Нүүдэлчин Зам Холбоог үүсгэн байгуулсан түүхтэй. Ийнхүү 2006 оны зун Цогтгэрэл аавтайгаа хамт Монголоос анх удаа гарч аялан тоглолтод оролцож байв. Энэ цагаас хойш Жоанни тэднийг Францад олон удаа урьж тоглуулсан бөгөөд, Цогтгэрэл ч урлагийн хүн болж, хөөмийлэх ур чадвараа хөгжүүлэн хөгжүүлсээр, энэ цагийн хамгийн чадварлаг залуу хөөмийчдийн нэг, гоцлол хөөмийч болсон билээ.
Уран бүтээлчдийн намтар
1954 оны хулгана жил Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, одоо ч нутагтаа амьдарч буй Цэрэндаваа нь малчны ахуйгаа мэргэжлийн хөөмийтэй хослуулж яваа цөөхөн хөөмийчдийн нэг юм. Тэрээр 6 настайгаасаа эхлэн нутаг нугынхаа ахмадуудыг дуурайн хөөмий оролдсоор сурсан ба түүний үлгэр дуурайл болсон хүмүүс бол Махан Чулуун, Өлмийбат, Маргад, Сундуй, Цэдээ нар юм. Цэрэндаваа 24 настайгаасаа эхлэн хөөмийгээр мэргэшин ажиллаж иржээ. 1980-аад оноос хойш тэр Франц, Их Британи, Герман, Португаль, АНУ, Япон, ОХУ, Хятад гээд олон улс оронд хөөмийн тоглолт хийсэн байна. Тэрээр Сэнгэдорж, Одсүрэн нарын хамтаар Социализмын үед Монголд хөөмийг түгээн дэлгэрүүлэх болон хөгжүүлэхэд онцгой хувь нэмрээ оруулсан гол хүмүүсийн тоонд ордог. Хөөмийн урлагийн хөгжилд түүний оруулсан нэг том хувь нэмэр бол өөрийнх нь үүсгэн бий болгосон хосмолжин хөөмий юм. Энэ нь уртын дууны үг, аяыг хөөмийлэн дуулах арга барил болно.
Цэрэндаваа уруулын хөөмий, тагнайн хөөмий, багалзуурын хөөмий, хамрын хөөмий, цээжний хөндийн хөөмий, харгиа хөөмийнээс гадна хосмолжин хөөмий гэсэн долоон төрлийн аргаар хөөмийлэхийн зэрэгцээ товшуур, морин хуур, экэл тоглодог. Бусад олон малчны адил тэрээр ардын уламжлалт баяр ёслолд өргөн дуулагддаг уртын дуу бас дуулдаг. Цэрэндаваа хөөмийн уламжлалаа өөрийн хүү Цогтгэрэл, Хаш-Эрдэнэ нарт өвлүүлсэн ба тэд хоёулаа хөөмийгээр мэргэшин замнаж байна. Цэрэндаваа мөн ойр дотныхон, нутгийн багачууд болон хөөмийг сонирхсон дотоод гадаадын хэн бүхэнд заан сургасаар ирсэн билээ.
Цомог зүй
- Music and Song of Mongolian folk tradition (various artists)
Монгол ардын уламжлалт дуу хөгжим (олон уран бүтээлчид)
(Grem G7511, Saint Mandé: Grem, coll. Discovering the World Through Sounds, 1986) - Mongolia, Living music of the steppes, instrumental music and song from Mongolia
Монгол, Талын амьд дуу хөгжим, Монголын хөгжмийн зэмсэг, дуу
(MCM 3001, Multicultural Media, JVC, 1997) - Jargalant Altaï « khöömei and other vocal and instrumental music from Mongolia »
Жаргалант Алтай “Хөөмий болон Монголын бусад дуу, хөгжмийн зэмсэг”
Pan Records PAN 2050CD Ethnic series
1994 оны 9, 10 сард Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн архиваас авч бичлэгт оруулсан эмхэтгэл (1960 -1991 оны хооронд хийгдсэн бичлэгүүд) - Chandman’Song « traditional Mongolian melodies sung in Khoomii (overtone singing) »
Чандманийн Дуу “Хөөмийгээр илэрхийлсэн Монгол ардын дуунууд”
Amina Records TS001
(Монголын Чандманьд 2000 оны 9 сард хийсэн бичлэг) - Music and song of Mongolia Live at Cambridge, England (various artists)
Кэмбриджэд хийсэн Монгол дуу хөгжмийн амьд тоглолт (олон уран бүтээлчид)
Хуурцаг Global Arts GA1
(1988 оны 8 сарын 5-нд хийсэн бичлэг) - Music from Mongolia, Live at the Asia Society, New York, USA (various artists)
Монгол хөгжим, Азийн Нийгэмлэгт хийсэн амьд тоглолт, Нью-Йорк, АНУ (олон уран бүтээлчид)
(1987 оны 10 сарын 7-нд хийсэн бичлэг) - Mongol Music (various artists)
Монгол хөгжим (олон уран бүтээлчид)
(Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн хуурцаг) - Tserendavaa et Tsogtgerel : Chant diphonique de l’Altai Mongol
Цэрэндаваа ба Цогтгэрэл: Монгол Алтайн Хөөмий
Нүүдэлчин Зам Холбоо, 2006 (400 хувийн хязгаартай хэвлэгдээд, дууссан) - Tserendavaa et Tsogtgerel : Chant diphonique de l’Altai Mongol
Цэрэндаваа ба Цогтгэрэл: Монгол Алтайн Хөөмий
Нүүдэлчин Зам Холбоо, 2006 (400 хувийн хязгаартай хэвлэгдээд, дууссан) - Tserendavaa & Tsogtgerel, Xoer Altai (chants diphoniques de l’Altai Mongol)
Цэрэндаваа ба Цогтгэрэл, Хоёр Алтай (Монгол Алтайн Хөөмий)
16 нэр хөгжим бүхий CD болон 2006 оны Лэз Ориентал Фестивальд тоглосон нэмэлт 9 нэр хөгжимтэй DVD
Нүүдэлчин Зам Холбоо, Бюда Мюзик, 2007 (Франц Юниверсалаар түгээгдэж байна) - Dörvön Berkh, Four Shagai Bones, Masters of Mongolian Overtone Singing
Дөрвөн Бэрх, Монгол хөөмийн мастерууд
(Нүүдэлчин Зам Холбоо, Pan Records, Pan, Leiden: Ethnic Series, 2010)
1990 оны морь жил Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, Улаанбаатар хотод амьдардаг. Цогтгэрэл 13 наснаасаа эхлэн ааваараа хөөмий заалгаж, Алтайн нурууны эгэл малчны ахуйд хөөмийлж сурсан байна. Чандмань сумын Хар Ус нуур, Жаргалант Хайрхан уулын хооронд жилд 5-6 удаа нүүдэллэн мал маллангаа Цогтгэрэл аавынхаа хөөмийн арга барилуудыг эзэмшиж авчээ. Ингээд түүнийг 16 настайд нь Соёл Урлагийн Их Сургуульд Баатарын Одсүрэн багшаар хөөмийг улам гүнзгийрүүлж заалгахаар аав нь Улаанбаатарт аваачсан байна. Цэрэндаваа хүүгээ өөрөөс нь сурсан бүхнээ баяжуулахаас гадна, хөөмийгээр цаашид замнахын тулд гол нь мэргэжлийн дипломтой хөөмийч болгохыг зорьсон нь ийнхүү биелэлээ олсон юм. Цогтгэрэл хөөмийлэхийн зэрэгцээ морин хуур, товшуур, цуур, хэл хуур тоглодог. Морин хуурыг тэр ааваараа анхлан заалгаж, хожим нь морин хуур тоглох Баруун Монгол хэв маягийг уламжлан үлдээсэн хамгийн сүүлийн багш нарын нэг Дөвчингөөс сурсан байна. Тэрээр өнөөдөр Монгол Улсын Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгад хөөмийчээр ажиллаж байна. Гоцлол хөөмийчээр ийнхүү ажиллахын хажуугаар Цогтгэрэл Өвөр Монголд байнга очиж хөөмий заадаг юм.
Цомог зүй
- Tserendavaa et Tsogtgerel : Chant diphonique de l’Altai Mongol
Цэрэндаваа ба Цогтгэрэл: Монгол Алтайн Хөөмий
Нүүдэлчин Зам Холбоо, 2006 (400 хувийн хязгаартай хэвлэгдээд, дууссан) - Tserendavaa & Tsogtgerel, Xoer Altai (chants diphoniques de l’Altai Mongol)
Цэрэндаваа ба Цогтгэрэл, Хоёр Алтай (Монгол Алтайн Хөөмий)
16 нэр хөгжим бүхий CD болон 2006 оны Лэз Ориентал Фестивальд тоглосон нэмэлт 9 нэр хөгжимтэй DVD
Нүүдэлчин Зам Холбоо, Бюда Мюзик, 2007 (Франц Юниверсалаар түгээгдэж байна) - Ts. Tsogtgerel, Mongolian Throat Singing
Ц. Цогтгэрэл, Монгол Хөөмий
(Бие даан гаргасан цомог, Улаанбаатар, 2010)
1981 оны тахиа жил Францын Дэсин-Шарпью хотод төрсөн, Рэннэ хотод амьдардаг Др. Жоанни Кюртэ нь хөгжимчин, угсаатны хөгжим судлаач, хөөмийч юм.
Тэрээр классик гитарыг анхлан Флэш хотын хөгжмийн сургуульд Жон-Лү Гутрэ багшаар заалгасны дараа Рэннэ хотын Хөгжмийн Консерваторт Эрвэ Мэрлан багшийн удирдлага дор гүнзгийрүүлэн сурсан ба цаашлан классик гитарын дөрвөл Мэриэнда хамтлагт тоглон ур чадвараа хөгжүүлжээ. Улмаар гитарын арга барилаа аман уламжлалт хөгжимтэй холбож, Ази, Африкийн хөгжмийн соёлоос тоглох барилдаа оруулах болсон байна.
Жоанни 10 жилийн турш угсаатны хөгжим судлалаар Рэннэ 2 Их сургуульд сурсан агаад Монгол хөөмийгээр дагнан мэргэшиж, Докторын зэрэг хамгаалсан анхны гадаад эрдэмтэн юм. 2004 оноос хойш Монголд очиж судалгаа хийх, Монгол хэл, соёлд суралцахын тулд тэрээр улсын хийгээд олон улсын хэд хэдэн тэтгэлэгт хамрагдсанаас дурдвал: Эжид тэтгэлэг, Надиа ба Лили Бүланжэ олон улсын сангийн тэтгэлэг, Соёлын орон зай хөтөлбөр, Брөтань мужийн докторантурын олон улсын коллежийн тэтгэлэг, Америкийн Монгол Судлалын Төв, Угсаатны хөгжим судлалын Францын нийгэмлэг зэрэг болно.
Хөөмийн сууриа анхлан Тран Куан Хай багшаар тавиулсан тэрээр Алтайн уулсын дунд Дашдоржийн Цэрэндаваа багшаас уламжлалт хэлбэрээр нь сурч, улмаар Улаанбаатар хотод Соёл Урлагийн Их Сургуульд Одсүрэн багшаар гүнзгийрүүлэн заалгажээ.
Нүүдэлчин Зам Холбооны уран сайхны удирдагч Жоанни нь Монгол хөөмийн цомог бүтээж, аялан тоглолт зохион байгуулахын сацуу олон фестивальд өөрийн багш Цэрэндаваатай болон хүү Цогтгэрэлтэй нь хамт тайзнаа хамтран тоглож ирсэн байна.
Камерунд амьдарч байсан тэрээр Африк хөгжмийн нөлөөг хөгжимдэх арга барилдаа оруулжээ. Жоанни Франц-Соёл байгууллагаас санаачлан зохион байгуулсан Сахаар хоорондын соёлын Азалай хөтөлбөрийн хүрээнд Камеруны Гарүа хот хийгээд Чаадын Нжамэна хотод тус тус болсон Саэлийн Дуу Хоолой фестивалийн эхний хоёр зохион байгуулалтад оролцсон ба Камэл Зэкри, Якүба Мүмүни, Альфа Барри, Мүнира Мичала зэрэг Африкийн алдарт уран бүтээлчидтэй хамтран тоглож байснаас гадна Өмнөдийн баг, Дүала, Хойд Камеруны үлгэрч, туульч гээд Камерун, Чаадын орон нутгийн хэд хэдэн хөгжимчидтэй уран бүтээл туурвиж байсан байна.
Уран бүтээлчийн хувьд Жоанни нь Мэйханэ хамтлагт тоглодог агаад тэдний уран бүтээлд олон соёлын солилцооны үр нөлөө тод илэрдэг. Жоаннигийн хувьд гитарын тоглолтын үлгэр жишээ бол Францын хөгжимчин Тиерри Робан юм. Тиймээс ч тэр гитарын арга барилаа улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх үүднээс ДРОМ байгууллагаас 2013, 2014 онд зохион байгуулсан Тиерри Робаны мастер хичээлд оролцож байлаа.
Монгол хөөмий судлаачин хувьд тэрээр хөөмийг Рэннэ 2 Их сургууль, Театр дэ ла Вилл, Крэйз Брэйз Академи, Парисын Филармони, Хөгжим урлалын өвийн төв зэрэг боловсрол-соёлын байгууллагууд, Лэз Ориентал, Лэ Сюд а Арл зэрэг фестивалиуд, Тортю Экарлат зэрэг хөөмий сонирхогчдын холбоодод уригдан очиж заахаас гадна Рэннэ хотод хувийн сургалт зохион байгуулж ирсэн байна.
Монгол хөөмийгөөр мэргэшсэн түүний судалгааны ажлууд хөөмийн түүх, эх гарал, өвлүүлэлтээс гадна хөөмий нь Монголд хэрхэн тайзны урлаг, өв болсон тухай өгүүлдэг. Тэрээр 2009 онд ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын хүсэлтээр Монголын Уламжлалт Хөөмийн Урлагийг Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад нэр дэвшүүлэх баримт бичиг боловсруулахад оролцсон. Монгол хөөмийгээр дагнан судалгаа хийсэн тэрээр Хоолойн өнгөний урлаг Монгол хөөмийн түүх, өвлүүлэлт, угсаатны хөгжим судлал сэдвээр докторын диссертаци бичиж, 2013 онд Рэннэ 2 Их сургуульд хамгаалсан нь шүүгчдээс хамгийн өндөр үнэлгээ авч байв.
Жоанни 2014 онд Парис дахь Дорно дахины хэл иргэншлийн үндэсний хүрээлэн ИНАЛКО-д нэрт хэл зүйч Жак Лэгроныг орлож, Монгол хэлний дүрэм, монгол соёл иргэншлийн хичээлээр тус тус багшилсан туршлагатай.
—
Текст: Жоанни Кюртэ
Гэрэл зураг: Жоанни Кюртэ / Нүүдэлчин Зам Холбоо