Уран бүтээлчид

Цэрэндаваагийн Цогтгэрэл
шахмал хоолой, хөөмий, морин хуур, товшуур, цуур, хэл хуур


Нэргүйн Ганзориг
шахмал хоолой, хөөмий, товшуур, морин хуур, хэл хуур

Цэрэндаваагийн Цогтгэрэл, Нэргүйн Ганзориг нар нь Монгол дахь хөөмийн уламжлалын хоёр онцгой талыг төлөөлөн харуулдаг. Бие даан хөөмий сурсан Ганзориг Монгол хийгээд Тува маягийн хөөмийг гайхамшигтайгаар хослуулан эзэмшсэн бол, Цотгэрэл Алтайн уулсын хөөмийн уламжлалыг Улаанбаатар хотын академичлалтай ижилсүүлж, асар хүчтэй бөгөөд нарийн эгшгийн цараа ихтэйгээр хөөмийлдэг онцлогтой. Тэд хөөмийлэхээс гадна магтаал магтаж, шахмал хоолойгоор дуулж, морин хуур, товшуур, хэл хуур тоглодог.


Уран бүтээл түгсэн газрууд:
Цогтгэрэл ба Ганзориг хоёрол: Кастрын музей, Канн хотын музей, Бибракт музей
“Нүүдэлчин Дуу Хоолой: Сардиниа-Монгол” чуулгатай: Дэлхийн шүтлэгт дуу хөгжмийн Фэз фестиваль, Лэз Ориентэл фестиваль, Дэтүр дэ Бабэл фестиваль, Равэнна фестиваль, Ардын хөгжмийн Фьөрдэ фестиваль, Кроссрөдс фестиваль…

Уран бүтээлчдийн намтар

Цэрэндаваагийн Цогтгэрэл

1990 оны морь жил Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, Улаанбаатар хотод амьдардаг. Цогтгэрэл 13 наснаасаа эхлэн ааваараа хөөмий заалгаж, Алтайн нурууны эгэл малчны ахуйд хөөмийлж сурсан байна. Чандмань сумын Хар Ус нуур, Жаргалант Хайрхан уулын хооронд жилд 5-6 удаа нүүдэллэн мал маллангаа Цогтгэрэл аавынхаа хөөмийн арга барилуудыг эзэмшиж авчээ. Ингээд түүнийг 16 настайд нь Соёл Урлагийн Их Сургуульд Баатарын Одсүрэн багшаар хөөмийг улам гүнзгийрүүлж заалгахаар аав нь Улаанбаатарт аваачсан байна. Цэрэндаваа хүүгээ өөрөөс нь сурсан бүхнээ баяжуулахаас гадна, хөөмийгээр цаашид замнахын тулд гол нь мэргэжлийн дипломтой хөөмийч болгохыг зорьсон нь ийнхүү биелэлээ олсон юм. Цогтгэрэл хөөмийлэхийн зэрэгцээ морин хуур, товшуур, цуур, хэл хуур тоглодог. Морин хуурыг тэр ааваараа анхлан заалгаж, хожим нь морин хуур тоглох Баруун Монгол хэв маягийг уламжлан үлдээсэн хамгийн сүүлийн багш нарын нэг Дөвчингөөс сурсан байна. Тэрээр өнөөдөр Монгол Улсын Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгад хөөмийчээр ажиллаж байна. Гоцлол хөөмийчээр ийнхүү ажиллахын хажуугаар Цогтгэрэл Өвөр Монголд байнга очиж хөөмий заадаг юм.

Цомог зүй
  • Tserendavaa et Tsogtgerel : Chant diphonique de l’Altai Mongol
    Цэрэндаваа ба Цогтгэрэл: Монгол Алтайн Хөөмий
    Нүүдэлчин Зам Холбоо, 2006 (400 хувийн хязгаартай хэвлэгдээд, дууссан)
  • Tserendavaa & Tsogtgerel, Xoer Altai (chants diphoniques de l’Altai Mongol)
    Цэрэндаваа ба Цогтгэрэл, Хоёр Алтай (Монгол Алтайн Хөөмий)
    16 нэр хөгжим бүхий CD болон 2006 оны  Лэз Ориентал Фестивальд тоглосон нэмэлт 9 нэр хөгжимтэй DVD
    Нүүдэлчин Зам Холбоо, Бюда Мюзик, 2007 (Франц Юниверсалаар түгээгдэж байна)
  • Ts. Tsogtgerel, Mongolian Throat Singing
    Ц. Цогтгэрэл, Монгол Хөөмий
    (Бие даан гаргасан цомог, Улаанбаатар, 2010)

Нэргүйн Ганзориг

Ганзориг 1974 оны бар жил Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотод төрсөн, Улаанбаатар хотод амьдардаг. Тэрээр хүүхэд байхдаа сургуулийнхаа дугуйланд морин хуур анхлан сураад, дараа нь радиогоор эгшиглэх Сундуй, Ганболд зэрэг хөөмийчдийн бичлэгүүдийг сонсч, чадах чинээгээрээ дуурайн оролдсоор хөөмийг бие даан сурчээ. Хөөмийн гол хоёр төрөл болох хархираа, исгэрээг эзэмшсэний дараа Ганзориг магтаал хэлэхэд мэргэшсэн ба тун удалгүй Монгол ардын дуунд тулгуурлан өөрийн магтаалуудыг зохиож эхэлсэн байна. Тэр уруулын хөөмий, багалзуурын хөөмий, хамрын хөөмий, хархираа хөөмийгээр хөөмийлэхээс гадна морин хуур, товшуур, хулсан хуур болон цуур тоглодог.

Зүүнхараагийн чуулгад үе үе ажилладаг тэрээр 1996 онд Алтай-Хангай хамтлагийг байгуулж, уран бүтээл туурвиж эхэлсэн нь түүнд гадаадад тоглолт хийх боломж нээж өгсөн байна. Тухайлбал, тэд Германд 4 жил, Нидерландад 3 жил оршин сууж уран бүтээл туурвисан ба Франц, АНУ, Швейцарь, Австри, Морокко зэрэг орнуудад явж тоглолт хийсэн. Шинэ үеийн гарамгай сайн хөөмийчдийн төлөөлөл болсон хөөмийч Ганзориг Монгол, Тува хөөмийн арга барилуудыг гайхалтай хослуулан хөөмийлэхийн сацуу олон төрлийн магтаал зохиодгоороо онцлогтой.

Цомог зүй
  • Gone with the Wind, Songs of Mongolian steppes
    Салхиар туугдагсад, Монголын талын дуунууд
    (Window to Europe WTE CD 002, 1998, Нидерланд)
  • Naariits Biilye, Let’s Dance. Mongolian khuuryn tatlaga
    Наарыш бийлэе. Монгол хуурын татлага
    (Pan Records Pan 2061CD Ethnic Series цуврал, 1999, Paradox, Нидерланд)
  • Melodious Tree
    Эгшиглэнт мод
    (Бие даан гаргасан цомог, AKA09001, 2000, Франц)
  • Naadam
    Наадам
    (Бие даан гаргасан цомог, 2006, Улаанбаатар, Монгол)
  • Dörvön Berkh, Four Shagai Bones, Masters of Mongolian Overtone Singing
    Дөрвөн Бэрх, Монгол хөөмийн мастерууд
    (Нүүдэлчин Зам Холбоо, Pan Records, Pan, Leiden: Ethnic Series, 2010)
  • Ongod
    Онгод
    (860240, Paris : Buda Musique/Full Rhizome, 2013)
  • Khuumei, magtaalchi Ganzorig N.
    Хөөмий, магтаалч Н. Ганзориг
    (Бие даан гаргасан цомог, 2014, Улаанбаатар, Монгол)

 


“Нүүдэлчин Дуу Хоолой:  Сардиниа-Монгол” чуулгын уран бүтээлийн аялан тоглолтуудын үеэр тоглоно.


Текст: Жоанни Кюртэ