Монгол Хөөмийн Сонгомол цомгийг маань Францын Шарл Кру Академи “Шүүгчдийн сэтгэл булаасан бүтээл”-ээр тунхаглалаа!
Уг тунхаглалыг 3 сарын 16-наас 18-нд Марсэйе хотод болсон дэлхийн хөгжим урсгалын олон улсын томоохон арга хэмжээнүүдийн нэг болох Бабэл Мэд Мюзик фестивалийн үеэр зарласныг мөнхжүүлсэн гэрэл зургуудаасаа хуваалцаж байна. Түүнчлэн, Шарл Кру Академи нь Монгол Хөөмийн Сонгомол цомгийг эрхлэн гаргасан, энэ жил 30 жилийн ой нь тохиож буй Бюда Мюзик лэйбэлийн захирал Жилл Фрюшуд уламжлалт болоод дэлхийн хөгжим урсгалыг хөгжүүлэхэд оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлж, хүндэтгэл үзүүлснийг дуулгахад нэн таатай байна. Академитай болон шагналтай холбоотой мэдээллийг Монгол хэлээр доорх зурагнуудтай хавсаргасантай танилцаарай.
Жич: Бүхнийг мөнгөөр үнэлдэг хүмүүсийн хувьд энэ тунхаглал огтхон ч үнэ цэнэгүй, учир нь энд ямар ч мөнгөн урамшуулал байхгүй юм. Харин бидний хувьд олон улсад нэртэй урлаг судлаач, хөгжмийн шүүмжич, мэргэшсэн сэтгүүлчдийн баг олон зуун бүтээлүүд дундаас цомгийг маань шигшин сонгож, ажилд маань ийнхүү онц үнэлэлт өгсөн нь цаглашгүй их урам зориг хайрласан явдал-нэр төрийн хэрэг болсон билээ.