Уран бүтээлчид

Пиеррик Лөфрон: гитар, хөгжмийн зохиол
Дашдоржийн Цэрэндаваа, Цэрэндаваагийн Цогтгэрэл, Жоанни Кюртэ: хөөмий
Софи Бернадо: бассон, дуу
Жон-Батист Онри: бандонеон
Жоаким Флорон: контрабасс
Завие Дэссондр Навар: цохилуур, товшлуур хөгжим

www.urbietorbicreation.com

Хэсэг тус бүрээс бүтсэн нэг урт номер болох УрбиОрби тоглолт нь сонгодог хөгжим, уламжлалт хөгжим, аман өв хийгээд шууд зохиомжийн уулзвар дээр цогцолсон юм. Монгол ардын уламжлалт хөгжим нь хоолойн өнгө тембр дээр тоглож, өнгүүдийг урлан, ноот бүрийн баялаг чанарыг илтгэн харуулна… Хөгжмийн энэхүү ухагдахуунаас гараагаа авсан УрбиОрби зохиол нь үзэгч, сонсогчийг урьд өмнө нь сонсч байгаагүй хөгжмийн бүтцийн гүнд урин аваачина. Дуу хөгжмийн соёлын өөр өөр хүрээнээс ирсэн уран бүтээлчид хөөмийн тембр хийгээд бассон, контрабасс, бандонеон, гитар, товшлуур болон цохилуур хөгжмөөс бүрдсэн хөгжмийн зэмсгийн өвөрмөц нэгдэлд харилцан тоглоно. Ийнхүү энэхүү тоглолт нь янз бүрийн дуу авианы бүтэц, хөг аялгуу хийгээд багалзуурын болон төмөрлөг, модлог шинжтэй чичиргээнүүд гаргаж, амьд бүхний оршихуй болсон байгаль дэлхий, усны ертөнцийг санагдуулан эгшиглэнэ.

Хик энд Нунк компани, Нүүдэлчин Зам Холбоо хамтран бүтээв.

Лө Мон хотын үндэсний театр Лэспаль, Ла Фундри театр, Пэй дэ ла Луар мужийн захиргаа тус тус дэмжин хамтрав.

Төслийн товч түүх

Хөөмийг тойрсон энэхүү уран бүтээлийн эзэн, Лө Мон хотын залуу хөгжмийн зохиолч Пиеррик Лөфроны хувьд Монгол, Франц хоёрын хоорондох зай түүний хүслээр л хэмжигдэх бөлгөө. Уг уран бүтээлийн анхны санаа, үр хөврөл түүнийг хэдэн жилийн өмнө хөөмий хэмээх чамин өвөрмөц урлагийг эзэмшсэн хөгжимчинтэй уулзан, хамтран зохиомж хийх үед үүсэн бий болжээ. Хүний биеийн гүнээс оргилон гарах энэхүү “ид хав болон өөрийн биеэ шинжихүйн нэгдэл” түүнийг гайхан бишрүүлсэн байна. Ингээд эрлийн үзүүр нь түүнийг угсаатны хөгжим судлаач, Монгол хөөмийн багш нараар бэлтгэгдсэн хөөмийч Жоанни Кюртэд аваачсан байна. Жоаннигийн ачаар Пиеррик Алтайн хязгаарын хоёр том хөөмийч болох Цэрэндаваа, түүний хүү Цогтгэрэлтэй уулзжээ. Ийнхүү хөөмийчдийн эргэн тойронд жазз болон дэлхийн хөгжмийн урсгалын хөгжимчдийг хүрээлүүлж уг уран бүтээлийг бий болгосон байна. Тус уран бүтээлд Пиерриктэй хамтран ажиллаж байсан хөгжимчид, ялангуяа түүний Самарканд гурвал, Хик энд Нунк дөрвөлийн хөгжимчид хамтарч байна.

Лө Мон хотын Лэспаль театр, Ла Фундри театрт хийсэн уран бүтээлийн рэзидэнсийн ачаар биелэлээ олсон энэхүү концерт нь бичмэл зохиол дээр тулгуурлахын сацуугаар шууд зохиомж хийх өргөн боломж гаргаснаараа “хөгжмийн зэмсэг бүрийн бололцоо, онцлог бүрийг шинжлэх талбар” бий болгосон юм. Тоглолт нь уран бүтээлч, үзэгчийн аль алинд нь гайхамшигтай мэдрэмж төрүүлэх болно.

Уран бүтээлчдийн намтар

Хөгжмийн зохиолч, жазз хөгжимчин Пиеррик Лөфрон нь уран бүтээлийн хувьд шинэлэг зүйлс хослуулж, бүтээлч байдлаа тэтгэн тэжээх дуртай бөгөөд хөгжимчний замналынхаа оргил үед өөр өөр хүрээний уран бүтээлчидтэй уулзан, шинэ бүтээлүүд туурвиж байгаа нь үзэгчдийн талархлыг ямагт хүлээж иржээ. Тэрээр Матью Донарие, Жоаким Флорон, Жилда Бүклэ зэрэг хөгжимчидтэй хамтран тоглож байсан юм.

Гэрэл зураг