Уран бүтээлч
Цэрэндаваагийн Цогтгэрэл
дуу, хөөмий, морин хуур, товшуур, цуур
Авъяаслаг залуу хөөмийч Цогтгэрэл нь Алтайн нуруунд мөнхжин ирсэн хөөмийн уламжлалыг аав Цэрэндаваагийнхаа гэрийн сургалтын хүрээнд өвлөн авсны сацуу Улаанбаатар хотноо хөөмийн багш Одсүрэнгийн танхимын сургалтад хамрагдан сурснаараа, хөөмийг уламжлах энэ хоёр арга барилын аль алиныг нь төлөөлдөг билээ. Ийнхүү хөдөө, хотын хоёр шинжийг нийлүүлэн эзэмшсэн түүний хөөмий өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой болсон нь, нарийн эгшгийн далайц ихтэй, асар хүчтэй хөөмий юм. Цогтгэрэл гоцлон хөөмийлэхийн сацуу магтаал, уртын дуу хөөмийлж, морин хуур, товшуур тоглодог.
Уран бүтээлчийн намтар
Цэрэндаваагийн Цогтгэрэл
1990 оны морь жил Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, Улаанбаатар хотод амьдардаг. Цогтгэрэл 13 наснаасаа эхлэн ааваараа хөөмий заалгаж, Алтайн нурууны эгэл малчны ахуйд хөөмийлж сурсан байна. Чандмань сумын Хар Ус нуур, Жаргалант Хайрхан уулын хооронд жилд 5-6 удаа нүүдэллэн мал маллангаа Цогтгэрэл аавынхаа хөөмийн арга барилуудыг эзэмшиж авчээ. Ингээд түүнийг 16 настайд нь Соёл Урлагийн Их Сургуульд Баатарын Одсүрэн багшаар хөөмийг улам гүнзгийрүүлж заалгахаар аав нь Улаанбаатарт аваачсан байна. Цэрэндаваа хүүгээ өөрөөс нь сурсан бүхнээ баяжуулахаас гадна, хөөмийгээр цаашид замнахын тулд гол нь мэргэжлийн дипломтой хөөмийч болгохыг зорьсон нь ийнхүү биелэлээ олсон юм. Цогтгэрэл хөөмийлэхийн зэрэгцээ морин хуур, товшуур, цуур, хэл хуур тоглодог. Морин хуурыг тэр ааваараа анхлан заалгаж, хожим нь морин хуур тоглох Баруун Монгол хэв маягийг уламжлан үлдээсэн хамгийн сүүлийн багш нарын нэг Дөвчингөөс сурсан байна. Тэрээр өнөөдөр Монгол Улсын Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгад хөөмийчээр ажиллаж байна. Гоцлол хөөмийчээр ийнхүү ажиллахын хажуугаар Цогтгэрэл Өвөр Монголд байнга очиж хөөмий заадаг юм.
Цомог зүй
- Tserendavaa et Tsogtgerel : Chant diphonique de l’Altai Mongol
Цэрэндаваа ба Цогтгэрэл: Монгол Алтайн Хөөмий
Нүүдэлчин Зам Холбоо, 2006 (400 хувийн хязгаартай хэвлэгдээд, дууссан) - Tserendavaa & Tsogtgerel, Xoer Altai (chants diphoniques de l’Altai Mongol)
Цэрэндаваа ба Цогтгэрэл, Хоёр Алтай (Монгол Алтайн Хөөмий)
16 нэр хөгжим бүхий CD болон 2006 оны Лэз Ориентал Фестивальд тоглосон нэмэлт 9 нэр хөгжимтэй DVD
Нүүдэлчин Зам Холбоо, Бюда Мюзик, 2007 (Франц Юниверсалаар түгээгдэж байна) - Ts. Tsogtgerel, Mongolian Throat Singing
Ц. Цогтгэрэл, Монгол Хөөмий
(Бие даан гаргасан цомог, Улаанбаатар, 2010)
—
Уран бүтээл түгсэн газрууд:
Цэрэндаваа, Цогтгэрэл хоёрол: Лэз Ориентал фестиваль, Лэз Эскаль фестиваль, Лэ Рээв дэл Аборижэн фестиваль, Монголын долоо хоног Фландэрт фестиваль, Нийс хотын Азийн урлагийн музей, Лө Мон хотын Соёл, чуулганы ордон, Шомбэри хотын Урлагийн хотхон, Лө Мон хотын Лэспаль тайз…
Гоцлол хөөмийч Цогтгэрэл: 2010, 2013 онд Парис хотын Театр дэ ла Вилл/Абэсс тайзын « Чингис Хааны Зам » тоглолт
“Нүүдэлчин Дуу Хоолой: Сардиниа-Монгол” чуулгатай: Дэлхийн шүтлэгт дуу хөгжмийн Фэз фестиваль, Лэз Ориентал фестиваль, Дэтүр дн Бабэл фестиваль, Равэнна фестиваль, Фьөрдэ ардын хөгжмийн фестиваль, Кроссрөдс фестиваль…