Үгчилбэл “тагнайн уг” гэсэн утгатай хөөмий нь нэг хүн дан хоолойгоороо зориудаар олон давхар эгшиг зэрэгцүүлэн дуурьсгах дуу хоолойн техник юм. Алтайн нурууны эргэн тойрны бүс нутагт амьдран ирсэн Монгол, Түрэг угсаатны дунд аман хэлбэрээр эрт дээр үеэс өвлөгдөн ирсэн хөөмий нь Монгол нутаг даяар болон ОХУ-ын Алтай, Хакас, Тувагийн БНУлсууд, түүнчлэн БНХАУ-ын Шинжааны хойд хэсэг, Өвөр Монголд тархсан байна. Хөөмийн уламжлалыг яг хэзээ үүссэнийг тогтооход бэрхтэй. Хөөмийг салхины үлээлт, усны боргио, шувуудын жиргээ зэрэг байгалийн дуу чимээг даган дуурайх оролдлогоос үүссэн гэж үздэг. Ихэвчлэн эрчүүд хөөмийлдэг боловч, гучаад жилийн өмнөөс эмэгтэйчүүд ч хөөмийлэх болсон байна. Хөөмий бол Монгол үндэстний олон талт, баялаг өв бөгөөд амьд, өрнөлт уламжлал юм.
Хөөмийг дуугаргахад ялгаран гарах давхац хөгөнд, үргэлжлэн хүнгэнэсэн дэвсгэр эгшиг болон түүний дээгүүр исгэрэх нарийн ая гэсэн ерөнхий хоёр эгшиг давамгайлахаас гадна тэдгээрээс үүсэн гарах цуурай өнгөнүүд сонсогддог. Тэрхүү нарийн аяыг бүрдүүлэгч эгшгүүд нь багалзуур болон өрц, цоройны зэрэгцээ шахалтаас үүдэн дэвсгэр эгшгээсээ үүсэн гардаг ба хөөмийч хэл, уруулаа хөдөлгөх замаар хөөмийний ая эгшгийг тохируулдаг. Хоолой шахах болон ая тохируулах арга барилуудаас шалтгаалж, хөөмийлөх олон төрөл бий болсон ба тэдгээрийг хувь хүний хоолойн өнгө, тембрийн онцлогоор нь ялган таньж болдог. Хөөмийн олон арга барил нь хархираа хөөмий, исгэрээ хөөмий гэсэн хоёр үндсэн хэв маягт хуваагдана.
- Хархираа хөөмий: Хархираа хөөмийг эгшиглүүлэхдээ хөөмийч гүнзгий амьсгаа аваад, шахмал хоолойнд суурилсан дэвсгэр эгшиг гаргахдаа багалзуур, хэвлий, өрцний зэрэгцсэн шахалт хийх замаар үндсэн хөгөөс нэг октав доогуур гүн эгшиг гаргадаг. Хархираа хийхэд дууны хөвчнөөс гадна дууны хуурамч хөвч чичиргээнд ордог тул маш гүн, аргил хөг эгшиг ялгардаг ба хөөмийч үүн дээр нарийн ая үүсгэн хөөмийлдэг.
- Исгэрээ хөөмий: Исгэрээ хөөмийг эгшиглүүлэхдээ хөөмийч гүнзгий амьсгаа аваад, шахмал хоолойнд суурилсан дэвсгэр эгшиг гаргахдаа багалзуур, хэвлий, өрцний зэрэгцсэн шахалт хийх замаар үндсэн эгшгээс нэг буюу хэдэн октав дээгүүр дуугарах нарийн исгэрээ хөгийг гаргадаг. Ийнхүү дэвсгэр эгшиг дээгүүр хангинасан маш тод, нарийн эгшиг дуурьсдаг. Исгэрээ хөөмийг Нарийн хөөмий, Уянгын хөөмий, Алтайн шингэн хөөмий зэргээр бас нэрлэдэг билээ.
Хархираа, исгэрээ хөөмийн аль алиныг хийх үед дэвсгэр эгшгийн дээгүүр эгшиглэх нарийн ая гаргах арга, явц нь ижил байдаг. Эгшгийн аяыг амны хөндийгээр тохируулах ба ингэхдээ амаа нээж, хаах буюу хэлнийхээ үзүүрийг тагнайд тулгасан чигээр урагш хойш хөдөлгөх, эсвэл хэлээ үүдэн шүдний доод хэсэгт байрлуулаад, хэлнийхээ төв хэсгийг урагш хойш хөдөлгөх зэрэг аргыг ашигладаг.
Хөөмийлэх арга барилд мөн хоолойн тембрийг баяжуулах болон чимэглэх чанартай хэд хэдэн техник байдаг ба тэдгээрийг хооронд нь хослуулан хэрэглэж болдог. Ийм 20 гаруй арга барил байдгаас заримыг нь дурдвал, багалзуурын хөөмий, цуурай хөөмий, хамрын хөөмий, дангилдах хөөмий зэрэг байна. Үүнээс гадна, хөөмийчид шахаа хоолойгоор магтаал магтдаг нь хөөмийлэх суурь болдог тэрхүү багалзуурын шахалттай төстэй аргыг хэрэглэж буй явдал юм.
Монгол орны баруун аймгуудаар тархан уламжлагдаж ирсэн хөөмий нь 1950-иад оноос эхлэн нүүдэлчин ахуйн уламжлалаас тайзнаа халин гарч, дуу, дүрс бичлэгээр цацагдаж эхэлсэн ба улмаар 1960-аад оноос гадаад орнуудад хийх тоглолтод оролцох болж, социализмын үеийн соёлын бодлогын нөлөөгөөр Монгол үндэсний хөгжмийн нэгэн билэг тэмдэг болсон байна.
1990 оны Ардчилсан Хувьсгалын дараагаас Монгол улс олон улсад нээлттэй болж, хөөмийг дээд боловсролын тогтолцоогоор дамжуулан уламжлуулах болсонтой холбоотойгоор ардын уламжлалт энэ урлаг ч хурдацтайгаар хувьсаж байгааг түүний хэв маяг, арга барил олширч, урын сан баяжиж, хөөмийг зааж сургах явдал улам дэлгэрч байгаагаас харж болно. Өнөөдөр хөөмийн хөг аялгуу өлгий нутагтаа төдийгүй, дэлхий даяар дуурьсан эгшиглэх болжээ. Хөөмийн уламжлалыг түгээн сурталчлах явдал нь уг өвийг олон нийтэд таниулж, дотоод гадаадын эрэгтэй, эмэгтэй хөөмийчдийн тоог олшруулаад зогсохгүй, хөөмийг сонирхон судлах судлаачдын тоог нэмэгдүүлж, хөөмий судлалыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр болсныг дурдах нь зүйтэй. Хөөмийн талаар Монгол, Орос, Япон, Франц, Америк, Герман, Канад зэрэг олон улсын судлаачид хүн судлал, угсаатны хөгжим судлал, анагаах ухаан, дуун ухаан, авиа зүйн үүднээс ч анхааран судалж, эрдэм шинжилгээний асар их ажил бүтээл туурвисан байдаг. Ийнхүү хөөмий судлал эрчимтэй хөгжиж байгаа ч, олон улсын судлаачдын ажил, Монгол судлаачдын бүтээлийн хооронд уялдаа холбоо муутай байгааг анхаарахгүй өнгөрч болохгүй юм.
2010 онд Монголын уламжлалт хөөмийн урлаг нь ЮНЕСКО-гоос хөтлөн явуулдаг Хүн Төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн Жагсаалтад бүртгэгдсэн билээ. Ийнхүү хөөмийг ЮНЕСКО-д бүртгүүлэх үүднээс боловсруулсан нэр дэвшүүлэх баримт бичиг, дагалдах баримтжуулалтад орсон материалуудын дунд Др. Жоанни Кюртэгийн судалгааны ажлууд, Нүүдэлчин Зам холбооноос гаргасан бичлэгүүд багтсан юм.
Нүүдэлчин Зам Холбооноос урин авчирдаг Монгол хөөмийчдийн хувьд, Н. Сэнгэдорж, Б. Одсүрэн, Р. Даваажав, Д. Цэрэндаваа, Э. Тойвгоо, Б. Папизан нар хөөмийн уламжлалыг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан гол хүмүүсийн тоонд ордог бол, Н. Ганзориг, Б. Амартүвшин, Ц. Цогтгэрэл, Д. Батсүх, П. Өсөхжаргал нар орчин үеийн хэв маягуудаар хөөмийлдэг мэргэжлийн хөөмийчдийн төлөөлөл билээ.