Мэдээ

10 Гах 2020

ЮНЕСКО-д бүртгэгдсэнийхээ 10 жилийн ой дээр Монгол хөөмий Францын Консерваторийн хөтөлбөрт багтлаа!


Дэлхийн Хөгжмийн Олон Улсын Хүрээлэнтэй хамтран Убань хотын Консерваторит хөөмийн анги нээгдсэнийг Та бүхэндээ зарлаж буйдаа ихээхэн баяртай байна. Хөөмий ийнхүү анх удаа Барууны дээд боловсролын тогтолцоонд багтан орсон энэ явдал нь хөөмийн түүхэнд шинэ хуудас нээж, түгээн дэлгэрүүлэхэд үйлсэд том алхам болж байна.

Монгол хөөмийн судалгаагаар дагнан Докторын зэрэг хамгаалсан анхны гадаад эрдэмтэн, угсаатны хөгжим судлаач Жоанни Кюртэ жилд 100 цагийн хуваарь бүхий 4 жилийн сургалтыг хариуцан явуулах бөгөөд суралцагчдыг хөөмийн уламжлалд аль болох ойр байлгах үүднээс Монгол болоод Тува хөөмийн өвлөн уламжлагчдыг тогтмол урьж оролцуулах болно. Энэ сайхан үйл явдалд нэгдэн орсон анхны 6 суралцагчиддаа мэнд дэвшүүлж байна.

Монголын уламжлалт хөөмийн урлаг нь 2010 онд ЮНЕСКО-гийн хөтлөн явуулдаг Хүн Төрөлхтний Соёлын Биет бус Өвийн Жагсаалтад бүртгэгдсэн бөгөөд нэр дэвшүүлэх баримт бичгийг нь Жоанни Кюртэ, түүний гэргий Шагдарсүрэнгийн Номиндарь нар Др. Норовын Уртнасангийн удирдлага дор боловсруулан бүрдүүлснээр бүртгэгдсэн билээ.

Хөөмийн уламжлалд нэмэр болж буй энэхүү томоохон үйл явдлыг хамтдаа тэмдэглэх үүднээс, Францын кино найруулагч Жон-Фронсуа Кастэлл (2010 онд “Хөөмийн Эзэд” киногоо үзэгч олонд хүргэж байсан) хөөмийн талаар хийсэн сүүлийн бүтээл болох Хөөмийгөөр Аялахуй (2018) баримтат киногоо онлайнаар үнэгүй үзэх боломжийг Та бүхэнд олгож байна. Өгүүлэхүйн эрхтэний шүтэлцээт урлаг – Монгол хөөмийн талаар суурь ойлголт өгөх сурвалж материал, хөөмийг өвлүүлэх хэрэгсэл болсон Монгол Хөөмийн Сонгомол хос цомог, түүний аялан тоглолтын адал явдлын талаар тус кино өгүүлнэ.

Уг кино нь өргөн дэлгэцээр олон нийтэд хараахан хүрээгүй байгаа тул Та бүхэн манай фэйсбүүк хуудас юм уу, кино найруулагчийн фэйсбүүк хуудсаар холбогдон, кино үзэх хүсэлтээ зурвасаар буюу сэтгэгдэл хэлбэрээр илэрхийлснээр кино үзэх холбоосыг хүлээн авах болно. Хараат бус, бие даасан уран бүтээлийг дэмжиж, интернэт орчин дахь байр суурийг нь бататгах үүднээс лайк, сэтгэгдэл үлдээж, бусадтай хуваалцвал уран бүтээлчдэд чамгүй тус болох болно.

Сониуч байж, сэтгэлгээгээ улам тэлж буй Та бүхэнд их баярлалаа! Цар тахлын энэ амаргүй үед сэтгэлийн амгалан байдлаа хадгалахад ихээхэн хэрэгтэй энэ чанараа алдахгүй явцгаая!

Товч танилцуулга

2010 онд Монголын уламжлалт хөөмийн урлаг ЮНЕСКО-гийн хөтлөн явуулдаг Хүн Төрөлхтний Соёлын Биет Бус Өвийн Төлөөллийн ᠎Жагсаалтад бүртгэгдсэн ба нэр дэвшүүлэх баримт бичигт нь угсаатны хөгжим судлаач Жоанни Кюртэ, түүний гэргий Шагдарсүрэнгийн Номиндарь нарын судалгааны ажил болон тэдний ‘Нүүдэлчин Зам’ холбооны эрхлэн гаргасан бичлэгүүд голлох хувь нэмэр оруулсан юм.

Үүний дараа Жоанни, Номиндарь нар 6 жилийн хөдөлмөрийн үр дүн болох “Монгол Хөөмийн Сонгомол” хос цомгийг гаргасан нь тун удалгүй дэлхий дахинаах хөөмий сонирхогч хэн бүхний хувьд тулгуур материал болов.

2016 онд уг цомгийн нээлтэд зориулж тэд 12 хөөмийч, уран бүтээлч бүхий онцгой аялан тоглолт зохион байгуулсан юм. Эрэгтэй, эмэгтэй, ахмад, залуу гээд малчны хотоос тайзны урлаг хүртэлх Монгол орны нутаг нутгаас ирсэн хөөмийч, өвлөн уламжлагчид 2 сарын турш хамт байж, дэлхийн хөгжим урсгалын Франц, Швейцарь дахь хамгийн том тайзнаа тоглосон билээ.

Жоанни Францын Шинжлэх ухааны үндэсний төв, ЖИПСА лаб болон Грэнобл хотын Анагаахын их сургуультай хамтран, хөөмийн төлөөлөл болсон тэдгээр уран бүтээлчдийг сайн дурын үндсэн дээр хөөмийн нарийн судалгаанд оролцуулахаар төлөвлөсөн нь дэлхийд анхдагч болсон юм.

Дээрх бүх үйл явдлыг хоорондын нарийн уялдаа, хамааралтайгаар дүрслэх “Хөөмийгөөр Аялахуй” кино нь ёс зүй, тэгш эрхийн зарчимд тулгуурласан угсаатны хөгжим судлалын ажил, олон улсын аялан тоглолтыг дотроос нь мэдрэх боломж, эрдэм шинжилгээний туршилтууд, хөөмийн нууц болон түүний байгаль дэлхийтэй уялдах нарийн шижим, хөөмийн өвлүүлэлт,  2017 оны зун Монголд очиж “Монгол Хөөмийн Сонгомол” цомгийг оролцогч хөөмийчдөд төдийгүй, архивын бичлэгтэй холбогдох дээр үеийн хөөмийчдийн гэр бүлд олгосон явдал гээд нэн ялангуяа хөөмийчидтэй туулсан Жоанни, Номиндарь хоёрын хүн ёсны адал явдлын талаар өгүүлнэ.

Аялахуйн мөн чанар бүхий энэхүү бүтээлийг “Монгол Хөөмийн Сонгомол” аялан тоглолтоор анх удаа Европт ирж, мөрөөдлөө биелүүлээд хальсан Монголын Тува хөөмийч Бадарын Папизан агсны гэгээн дурсгалд зориулав.