Монгол Хөөмийн Сонгомол

Монгол Хөөмийн Сонгомол бол:
Угсаатны хөгжим судлалын судалгааны ажлыг түгээх явдал, Монгол хөөмийг өвлүүлэх хэрэгсэл, Дэлхий нийтэд түгээн сурталчлах боломж, Соёл-эрдмийн харилцан солилцоо.

 

Монгол хөөмийн уламжлалт урлагийг Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад нэр дэвшүүлэн бүртгүүлэхэд биечлэн оролцсон, Монголын уламжлалт соёл, язгуур урлагийг Барууны ертөнцөд түгээн сурталчлагч Нүүдэлчин Зам холбоо нь Монгол Хөөмийн Сонгомол төслийг санаачлан хэрэгжүүлж байна.

Энэхүү төсөл нь Монгол дахь хөөмийн уламжлалын талаарх мэдлэг ойлголтыг олон улсад таниулан түгээх, хөөмийг өвлүүлэн уламжлуулах хэрэгсэл бүтээх, хөөмийн ертөнц дэх ахмад болон залуу үеийн хоорондын уламжлалын хэлхээ холбоог сайжруулах, Монгол хөөмий судлалд холбогдох талуудын харилцан солилцоог эрчимжүүлэх үндсэн зорилготой ба дэлхий дахинаа соёлын олон талт байдлыг хөхиүлэн дэмжих ач холбогдолтой юм.

Уг төсөл дараах гурван үе шаттай:

  1. Монгол Хөөмийн Сонгомол цомог (Монгол, Франц, Англи хэлээрх товхимол бүхий хос CD, Бюда Мюзик лэйбэл, 2016 оны өвөл)
  2. Цомгийн Олон улсын аялан тоглолт (Франц, Швейцарь, Морокко), судалгаа (2016 оны хавар) болон Хөсөгтөн хамтлагийн тоглолт (2016 оны 12 сар)
  3. Эрдэм, соёлын арга хэмжээ (Монгол, 2017 оны зун)


    Сонгомолын Хэвлэлийн мэдээг унших

-
2016 оны хавар зохион байгуулсан Монгол Хөөмийн Сонгомол олон улсын аялан тоглолтын тайлан

2 сарын хугацаанд бидний 12 уран бүтээлч, 3 менежер, 1 кино найруулагчаас бүтсэн нийт 16 хүнтэй баг 25500 гаруй км замыг 99,4 цагт туулж, 2 тив, 3 улс, 11 хотоор айлчилж, 60 үйл ажиллагааг 9287 хүнд хүргэсэн нь олон улсын хэвлэл мэдээллийн 54 хэрэгслээр цацагджээ... Бүрэн тайланг эндээс харах боломжтой

 

Нүүдэлчин Зам Холбооны 10 жилийн ой: Монгол Хөөмийн Сонгомол цомог, Уран бүтээл, Аялан тоглолт

Монгол хөөмийг ойлгох, сурах, таниулах, түүнчлэн Монголын хөгжмийн соёлыг олон улсад сурталчлах зорилгоор 10 гаруй жилийн турш Монгол, Франц хоёр орны хооронд хийсэн аялал, монгол хөөмийн талаарх судалгаа (2003-2015), Нүүдэлчин Зам Холбооны 10 жилийн ой (2006-2016), Монгол Хөөмийн Сонгомол Цомгийн нээлт - энэ бүхэн 2016 онд давхцаж байна.
Угсаатны хөгжим судлаач Жоанни Кюртэ нь 2003 оноос хойш Монголд 10 гаруй удаа очихдоо хэдэн зуун уран бүтээлчидтэй уулзаж, дуу, дүрс бичлэг хийж, судалсан билээ. Түүний үүсгэн байгуулсан Нүүдэлчин Зам Холбоо нь 2006 оноос хойш монгол хөөмийн 100 гаруй тоглолт, 50 шахам сургалт зохион байгуулснаас гадна Францын Бюда Мюзик, Нидерландын Пан Рекордс лэйбэлүүдтэй хамтран алдарт монгол хөөмийчдийн 3 цомог гаргаад байна. Энэ бүх адал явдлаар Францын кино найруулагч Жон Франсуа Кастэлл "Хөөмийн Эзэд" баримтат киног хийж 2010 онд олны хүртээл болгосон нь хэд хэдэн томоохон шагнал хүртсэн юм.

Нүүдэлчин Зам Холбоо 10 жилийнхээ ойг тохиолдуулан Бюда Мюзик лэйбэлийн алдарт “Дэлхийн дуу хөгжим” цувралын хүрээнд Монгол Хөөмийн Сонгомол хос цомгийг 2016 оны өвөл бүтээн гаргав. Энэхүү цомог нь Монгол хөөмийчдэд үзүүлэх хүндэтгэл, талархлын илэрхийлэл төдийгүй хөөмийн уламжлалыг өвлүүлэх хэрэгсэл болохоос гадна хөөмийн талаарх цогц мэдээлэл бүхий лавламж материал юм. Монгол хөөмийн ууган антолог болох уг цомог анх удаагаа архивын бичлэгүүдийг, судлаач Жоанни Кюртэгийн хээрийн судалгааны бичлэгүүд болон хөөмийн орчин үеийн уран бүтээлүүдтэй хамтатган багтааж, хөөмийн анхны дуу бичлэгээс эдүгээ цагийг хүртэл Монгол хөөмий хэрхэн хувьсан хөгжиж ирснийг олон талаар нь, цогцод нь харуулсан болно.

Нүүдэлчин Зам Холбооны 10 жилийн ойн хүрээнд Монгол хөөмийн анхны антологийг дэлхий дахинаа сурталчлах болон Монгол хөөмийг Баруунд таниулан дэлгэрүүлэх үүднээс бид “Монгол Хөөмийн Сонгомол” олон улсын аялан тоглолтыг 2 сар гаруйн хугацаатайгаар 2016 оны хавар зохион байгуулсан билээ.

Нийт 12 Монгол уран бүтээлчийн оролцох энэхүү аялан тоглолт, уран бүтээл нь Монгол дахь орчин үеийн хөөмийн уламжлалын бүхий л талыг аль болох өргөн хүрээнд дэлгэн танилцуулах зорилготойгоороо Монгол Хөөмийн Сонгомол цомгийн бодит тусгал болсон юм. Тус уран бүтээлээр хөөмий, байгалийн харилцан шүтэлцээ, хөөмийг дагалдах хөгжмийн зэмсэг, хөөмийн хэв маяг, арга барилууд, хөөмийн хувьсал, хөдөө ба хотын хөөмийн өнгө аяс, мэдрэмж, хөөмийн урлаг, түүний урын сан дахь шинэчлэл гээд хөөмийн уламжлалын олон янзын онцлог, шинж байдлыг бүхэлд нь илэрхийлсэн болно.

Уг аялан тоглолтын гол санаа нь Монгол хөөмийг өвлөн уламжлагчид, ардын авъяастнууд болон мэргэжлийн хөөмийчдийг нэгэн тайзнаа нэгтгэн тоглуулж, Монгол хөөмийн уламжлалын олон талыг хамгийн энгийнээр, байгаагаар нь Барууны ертөнцөд таниулан сурталчлахыг зорьсонд оршино. Ийнхүү нэгэн тайзнаа эмэгтэй эрэгтэй хөөмийчид, залуу, ахмад үеийнхэн хийгээд мэргэжлийн болон ардын авъяастан, өв тээгчид хамтран тоглосон юм. Монгол хөөмийнд зориулагдсан ийм том хэмжээний аялан тоглолт урьд өмнө нь зохион байгуулагдаж байгаагүй билээ.

Монгол хөөмийн уламжлалыг бүхэлд нь, олон талт байдлаар нь дэлгэн танилцуулах  зорилготой энэхүү цомог, түүний аялан тоглолт нь Монгол дахь хөөмийн оршихуйг цогцод нь харуулж байгаагаараа Соёлын биет бус өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн 2003 оны Конвенцийн үзэл санааг дэмжин түгээхийн сацуу Монголчууд хөөмийг хэрхэн өвлөн уламжлуулж ирснийг тэр хэвээр нь дэлхий нийтэд түгээн сурталчлах болон өвлүүлэн уламжлуулахад жинтэй хувь нэмэр оруулж, улам бүр даяаршин буй дэлхий ертөнцөд соёлын олон талт байдлыг хөхиүлэн дэмжих ач холбогдолтой юм.

Энэхүү аялан тоглолтын хуваарийг эндээс харна уу

_
Текст: Жоанни Кюртэ, Шагдарсүрэнгийн Номиндарь

Монгол Хөөмийн Сонгомол цомгийн агуулга

Монгол Хөөмийн антологийн эхний CD-нд Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн сан хөмрөгт буй бичлэгүүдээс гадна угсаатны хөгжим судлаач, Доктор Ж. Кюртэгийн 2003-2015 онуудад Монголд хийсэн хээрийн судалгааны бичлэгүүдээс сонгон оруулсан болно. Ийнхүү уг CD-нд дээр үеийн болон орчин үеийн хөөмийчдийн аль алиных нь уран бүтээлийг багтааж, Монгол хөөмийн гурван үеийн түүхийг танилцуулан сонордуулсан билээ.

Харин удаахь CD-нд өнөө цагийн Монгол хөөмийг өвлөн уламжлагчид, хөөмийчдийн бүтээлээс дээжлэн багтаасан юм. Үүнд Монголын олон ястны алдар цуут хөөмийчид, өвлөн уламжлагч ардын авъяастнууд, эмэгтэй хөөмийчид, хөөмийг өвлөн суралцагчид, мэргэжлийн хөөмийчид, улсын ба ардын урлагийн чуулгууд, этно-рок стиль болон өнөө цагийн хөгжмийн уран бүтээлчдийн амилуулсан хөөмийн уран бүтээлүүд тус тус орсон болно.

Дээрх хоёр CD-нээс гадна гэрэл зураг, архивын материалаар баяжуулж, хөөмийн орчин үеийн түүхийг илтгэн харуулсан 47 хуудас бүхий товхимолоос бүрдсэн энэхүү антолог нь Монгол хөөмийн уламжлалын өнгөрсөн болон өнөөгийн бүхий л талыг аль болох өргөн хүрээнд дэлгэн толилуулахыг зорьсон юм. Монгол Хөөмийн Сонгомол цомгоор хөөмий, байгалийн харилцан шүтэлцээ, хөөмийг дагалдах хөгжмийн зэмсэг, хөөмийн хэв маяг, арга барилууд, гурван үеийн буюу 60 орчим жилийн хугацаан дах хөөмийн хувьсал, хөдөө ба хотын хөөмийн өнгө аяс, мэдрэмж, хөөмийн урлаг, урын сан дахь шинэчлэл гээд энэхүү уламжлалын олон янзын онцлог, шинж байдлыг бүхэлд нь илэрхийлсэн болно.

Монголын хөөмийн уламжлалыг цогцоор нь, байгаагаар нь дэлгэн танилцуулах  зорилготой энэхүү цомог нь Монгол хөөмийн анхны цогц лавламж материал болох утгаараа Соёлын биет бус өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн 2003 оны Конвенцийн үзэл санааг дэмжин түгээхийн сацуу Монголчууд хөөмийгөө хэрхэн өвлөн уламжлуулж ирснийг тэр хэвээр нь дэлхий нийтэд түгээн сурталчлах, өвлүүлэн уламжлуулахад онцгой хувь нэмэр оруулах болон соёлын илэрхийлиийн олон төрлийг хөхиүлэн дэмжих ач холбогдолтой.

Яагаад Монгол Хөөмийн Сонгомол Төсөл гэж?

Хөөмий нь Монголчуудын хувьд үндэстний соёлын онцлогийн илэрхийлэл, ардын билиг уламжлалын онцгой чухаг бүрэлдэхүүн юм. Тиймээс ч хөөмийн талаар 1999 онд баталсан Ардын уламжлалт урлагийг дэмжих Үндэсний хөтөлбөр (1999-2006), 2006 онд гарсан Монгол хөөмийн урлагийг хөгжүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, үүн дээр үндэслэн 2007 онд баталсан Монгол хөөмий үндэсний хөтөлбөр (2008-2014) зэрэг эрхзүйн томоохон баримт бичгүүд батлагдсан билээ. Түүнчлэн, ЮНЕСКО-гийн хөтлөн явуулдаг Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад 2010 онд Монголын уламжлалт хөөмийн урлагийг Монгол улсаас нэр дэвшүүлэн бүртгүүлсэн юм. Хэдий тийм боловч, олон улсын түвшинд Монгол хөөмийн уламжлалт урлагийн талаар бүрэн лавламж, хөөмийн өвийг түгээн сурталчлах, өвлүүлэн уламжлуулах хэрэгсэл болж чадахуйц, эрдэм шинжилгээний цогц мэдээлэл бүхий баримтжуулалт материал хараахан гараагүй байна. Монгол хөөмийн уламжлалыг бүхэлд нь харуулсан ийм материал бий болгох хэрэгцээ шаардлага байгааг дараах шалтгаануудаар харуулж болно:

  • Хэдийгээр хөөмий нь тайзнаа гарч эхэлснээсээ хойш тухайн цагийн өнгө аясаар манай улсын үндэсний хөгжмийг илэрхийлэх эрмэлзлэлийн дор тодорхой найруулга, дэглэлтийн дагуу хувьсан ирсэн боловч өнөө цагт энэ нь ардын уламжлалт амьд урлаг гэхээсээ илүүтэйгээр фолклоржуулсан тайзны урлаг маягаар Монголд болон олон улсад танигдан сурталчлагдаж байгаа нь ардын соёлын энэхүү илэрхийллийн уламжлалт буй ахуйн шинжийг бүдгэрүүлж байгаа тул мөн тайзаар дамжуулан язгуур чанарыг нь дэлгэн танилцуулах шаардлагатай байна.
  • 1970-аад оноос Өрнө дахинаа өрнөсөн Нью-Эйж урсгалын нөлөөгөөр хөөмийг Баруунд шашин, сүсэг бишрэл, ид шидийн ухаантай ихээхэн холбож ойлгох болсон нь Монгол хөөмийн язгуур буй ахуй, уламжлалтай нийцэхгүй байгаа юм. Иймд хөөмийн уламжлалыг Монголоор нь дэлхий дахины хөөмий сонирхогч, олон нийтэд танилцуулах, мэдлэг ойлголтыг дээшлүүлэх шаардлага урган гарч ирж байна.
  • Хэдийгээр Улаанбаатар хотноо хөөмийг дээд боловсролын түвшинд уламжлуулж байгаа ч, хөөмий сурч байгаа шинэ залуу үеийн өвлөн суралцагчид ахмад үеийн төлөөлөл, тэдний хөөмийнд өгч байсан утга санаа, мөн чанар, тэдний урын сангийн талаар мэдлэг ойлголт муутай байдаг нь бидний судалгааны явцад ажиглагдсан болно. Монгол хөөмийчдийн ахмад болон залуу үеийн хоорондын уламжлалын холбоо сул байгаа энэ явдал нь хөөмийн дуу бичлэгүүдийн эргэлт хангалтгүй, дуун ухааны сан хөмрөгүүдийн хүртээмж муу, залуу үеийнхэн хөөмий сурахаар ахмадууд руу хандах явдал багассантай тус тус холбоотой гэж бид үзэж байна. Дашрамд дурдахад, дуун ухааны сан хөмрөгүүдийн хаалттай байдал нь архивын материалын мэдээллийн эргэлтэд төдийгүй, хадгалалт хамгаалалтад ноцтой асуудал үүсгэж байгаа нь анзаарагдсан болно.

Дээр дурдсан нөхцөл байдал дээр дүгнэлт хийсний үндсэн дээр, Монголын уламжлалт хөөмийн урлагийг Монгол улсаас ЮНЕСКО-гийн жагсаалтанд нэр дэвшүүлэх баримт бичгийг боловсруулсан Жоанни Кюртэ, Шагдарсүрэнгийн Номиндарь нарын зүгээс амжилттай хэрэгжсэн үйл ажиллагааныхаа үргэлжлэл болгон, Монгол Хөөмийн Сонгомол Цомог бүтээж, түүний уран бүтээл, олон улсын аялан тоглолтыг зохион байгуулах төслийг хэрэгжүүлж байна.

Энэ утгаараа, Монгол Хөөмийн Сонгомол төсөл нь дан ганц урлаг, уран сайхны талтай бус бөгөөд, соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах үүднээс баримтжуулалт хийх, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулах ЮНЕСКО-гийн зорилтыг хөхиүлэн дэмжиж байгаагаараа соёлын өвийг хамгаалах шинж чанартай ажил юм.

Монгол Хөөмийн Сонгомол Төсөл: Яагаад чухал гэж?

Уламжлалаа хадгалахын сацуу шинэчлэлийг дэмжихийг зорьж буй энэ төслийн зорилт цомог дээрч, тайзан дээр ч тусгалаа олсон бөгөөд олон нийтэд хүргэх соёл, урлагийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх үйл ажиллагаануудыг давхар явуулах Монгол Хөөмийн Сонгомол төсөл нь дараах ач холбогдолтой:

  • Монгол хөөмийг өөрийн өвөрмөц өнгө аяс, олон тал, хувьсал хөгжлөөр нь дэлхийн чихнээ дуурсган сурталчлах лавламж материал болох;
  • Монгол хөөмийн түүхэнд ул мөрөө үлдээсэн ахмадууд болон ардын хөөмийчдийн  түүх намтар, урын сангаас дотоод гадаадын олон нийтэд таниулах;
  • Монгол хөөмийг орчин үеийн болон олон улсын ардын хөгжимтэй сүлж, шинэ уран бүтээл, зохиомж бий болгож байгаа өнөө цагийн  уран бүтээлчдийг дэмжих;
  • Хөөмийг өвлөн уламжлагч, өвлөн суралцагчдын хоорондох урын сан, гоо зүй, уламжлалын уялдаа холбоог бэхжүүлэх, харилцан солилцоог эрчимжүүлэх;
  • Хөөмийн өвийг өвлөн уламжлагчдын хоорондох мэргэжлийн, сонирхогчийн, суурин газрын, хөдөөний, цолтой, цолгүй гэсэн нэр хүнд, нийгмийн үнэлэмжийн хувьд шаталсан хуваагдлын эсрэг хандаж, хөөмийчдийн хоорондын тэгш эрхийг хөхиүлэн дэмжих;
  • Монгол хөөмийг үндэсний болон олон улсын түвшинд түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулах явдалд жинтэй хувь нэмэр оруулах.
  • Дуу хоолойн урлагийн талаарх мэдлэг ойлголтод томоохон нэмэр хандив оруулах. Хөөмийтэй холбоотой шинэ судалгааны ажлууд боловсруулалтын шатандаа явж байна. Тэдгээрийн нэг нь олон улсын аялан тоглолтын үеэр Грэнобл хотын Жипса-Лаб лабораторид хөөмийн өвлөн уламжлагчдаас гадна  акустик судлаач, хоолой, хэл ярианы эмч, дуулах арга барилын мэргэжилтэн зэрэг шинжлэх ухааны салбар хоорондын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор хэрэгжих судалгааны төсөл юм

Монгол хөөмийчдэд ямар ач холбогдолтой вэ?

Монгол Хөөмийн Сонгомол цомог нь хөөмийн талаарх угсаатны хөгжим судлалын 10 гаруй жилийн эрдэм шинжилгээний материал дээр түшиглэн хийгдсэнээрээ Монгол хөөмийн түүхийг бүхий л түвшинд өгүүлсэн сурвалж материал, бичвэр, зураг, дуу бичлэгүүдтэй баримтжуулалт болон үлдэнэ. Энэхүү түүхэн баримт, түүний олон улсын аялан тоглолтод уран бүтээлээрээ сонгогдон оролцох нь Монголын хөөмийчдэд нэр төрийн хуьд онц чухал агаад, олон улсад уран бүтээлээ таниулах боломж, үүд хаалгыг нээх юм.

Монгол Хөөмийн Сонгомол цомог нь хөөмийн өвийг уламжлуулан түгээх хэрэгсэл төдийгүй олон улсад лавлагаа болохуйц цогц баримтжуулалт материал болох учир бид хамаарах талуудын оролцоо болон судалгааны объектив байдлыг хангах үүднээс цомогт оролцох хөөмийч, уран бүтээлчдийн санал, бодлыг товхимолын текст бичих, дуу бичлэгийг сонгох үйл явцад тусган ажилласан болно. Цомгийн үзэл санааны тусгал болох аялан тоглолтын уран бүтээл ч мөн адил уригдан ирсэн уран бүтээлч, хөөмийн өвлөн уламжлагчдын санаачлага, оролцоог хамран хийгдсэн билээ.

Монгол соёл, уламжлалт хөгжмийг олон улсад түгээн сурталчлах үйл ажиллагааг 10 жилийн турш явуулж буй Нүүдэлчин Зам холбоо нь Франц, Европ дахь уламжлалт хөгжмийн салбарт өөрийн гэсэн байр суурь, бат бөх сүлжээтэй болсноор Монгол уран бүтээлчдийн мэргэжлийн ахицад эерэгээр нөлөөлж, олон улсын тавцанд гарахад ихээхэн хувь нэмэр оруулж байгааг авъяаслаг залуу хөөмийч Цэрэндаваагийн Цогтгэрэлийн жишээн дээр дурдаж болно. Түүнчлэн, Нүүдэлчин Зам холбоо нь Дөрвөн Бэрх, Хоёр Алтай зэрэг уран бүтээлийн тогтвортой төслүүд зохион байгуулсан нь бодит үр дүнгээ өгч, Монгол хөөмийчдийг УрбиОрби, Вуа  Номад зэрэг орчин үеийн уран бүтээлийн төслүүдэд урьж оролцуулах бололцоог нээснээр эдгээр шинэ уран бүтээлүүд төрөн гарсан болно.

Монгол хөөмийн урлагийн талаарх анхны антолог болох энэ цомгийн хэвлэлт, түгээлтийг хариуцагч Францын Бюда Мюзик Лэйбэл нь 1987 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа ба Интернэт түгээлтийн сацуу Европ тив даяар, АНУ, Канад, ОХУ, Япон, Өмнөд Солонгос зэрэг улс оронд албан ёсны түгээлт хийдэг. Монгол Хөөмийн Сонгомол цомогт сонгогдон орсон хөөмийчдийн уран бүтээл Бюда Мюзик Лэйбэлийн олон улсын хүрээн дэх мэргэжлийн сүлжээгээр дамжиж дэлхий даяар цацагдана.

Түүнчлэн, 2016 онд Франц, Швейцарь, Морокко улсуудад зохион байгуулагдсан Монгол Хөөмийн Сонгомол цомгийн аялан тоглолтод сонгогдон оролцсон уран бүтээлчдэд туурвил бүтээлээ олон улсын тайзнаа эгшиглүүлэх, уран бүтээлийн хамтын ажиллагааны цар хүрээгээ тэлэх өргөн боломж нээх ач холбогдолтой. Гадаад, дотоодын олон хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлагдсэн энэхүү аялан тоглолтын олон нийтийн хүртээмж үлэмж байсан болно.

Монгол Хөөмийн Сонгомол төслийн зорилго, зорилт

Монгол Хөөмийн Сонгомол цомог нь даяаршлын давалгаан дунд Монголчууд  хөөмийн өв соёлоо хэрхэн авч явааг хөдөө хот, мэргэжлийн, ардын гээд олон талаар нь тэгш байдлаар дэлгэн харуулж,  дэлхий даяар түгээн сурталчлах, үнэ цэнийг нь дэмжих, өвлүүлэн уламжлуулахад нэмэр хандив болохын зэрэгцээ, хөөмийн эргэн тойрон дахь эдүгээ цагийн хөгжмийн шинэлэг зохиомж, эрэл хайгуулыг хөхиүлэн дэмжих үндсэн зорилготой. Үүний тулд, цомог бүтээх болон аялан тоглолтын уран бүтээл туурвих, зохион байгуулах үйл ажиллагааны хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ:

  • Монгол хөөмийн өнгөрсөн одоогийн баялаг чанарыг олон талт байдлаар нь цогц, цэгцтэйгээр харуулах;
  • Хөөмийн архивын ховор дуу бичлэгийн олон нийтийн хүртээмжийг нэмэгдүүлж, хөөмийг өвлүүлэхэд оруулах дуу бичлэгийн хувь нэмрийг дэмжих;
  • Ахмад ба залуу үеийн хөөмийчдийн хоорондын уламжлалын хэлхээ холбоог сайжруулах;
  • Тайзны урлагийн шинж чанарт халхлагдах болсон хөөмийн ардын язгуур шинжийг тодотгон харуулах, уламжлалт соёлын энэ илэрхийллийг хөдөө нутагт, малчны ахуйд нь өвлөн хадгалж ирсэн ардын авъяастнуудыг хөхиүлэн дэмжиж, түмэн олонд таниулах;
  • Монгол хөөмийг язгуур ахуй, тайз болон хот хөдөөгийн олон талт өнгө аяс, шинж байдлаар нь дэлхий даяар түгээн сурталчлах, уламжлуулан өвлүүлэх явдалд хувь нэмэр оруулах;
  • Монгол хөөмийн эргэн тойронд хийгдэж буй арга барил, уран бүтээлийн эрэл хайгуул, шинэчлэлийг дэмжиж, үндэсний болон олон улсын түвшинд олны хүртээл болгох;
  • Монгол хөөмийн урлагийг түгээн сурталчилж, үнэ цэнийг нь өргөж, хадгалж хамгаалах явдалд нэмэр хандив оруулах замаар Соёлын биет бус өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн 2003 оны Конвенцийн үзэл санааг дэмжих;
  • Хөөмийг өвлөн уламжлагчдын оюуны өмчийн эрхийг хүндэтгэх явдалд практик хувь нэмэр оруулах.

Төсөл хэрэгжүүлэгчдийн товч намтар

Жоанни Кюртэ

Хөгжим судлалын доктор, угсаатны хөгжим судлаач Жоанни Кюртэ нь Рэннэ 2 Их сургуулийн Түүх, Урлагийн Шүүмж Судлалын Тэнхимийн судлаач, Угсаатны Хөгжим Судлалын Францын Нийгэмлэгийн гишүүн, Нүүдэлчин Зам Холбооны уран сайхны удирдаач юм. Жоанни Кюртэ нь 2004 оноос хойш Монголд 10 гаруй удаа очихдоо хэдэн зуун хөөмийч, уран бүтээлчидтэй уулзаж, ярилцлага, дуу, дүрс бичлэг хийн судалсан билээ. Тэрээр Монгол хөөмийгээр дагнан мэргэшиж, Докторын зэрэг хамгаалсан анхны гадаад эрдэмтэн юм.  Түүний судалгааны ажлууд хөөмийн түүх, эх гарал, өвлүүлэлтээс гадна хөөмий нь Монголд хэрхэн тайзны урлаг, өв болсон тухай өгүүлдэг. Тэрээр 2010 онд ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын хүсэлтээр Монголын уламжлалт хөөмийн урлагийг Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад нэр дэвшүүлэх баримт бичиг боловсруулахад оролцсон. 2013 онд Рэннэ 2 Их сургуульд хамгаалсан Хоолойн өнгөний урлаг Монгол хөөмийн уламжлал, угсаатны хөгжим судлал, түүх сэдэвт докторын диссертаци нь шүүгчдээс хамгийн өндөр үнэлгээ авч байв. 2014 онд Парис дахь Дорно Дахины Хэл Иргэншлийн Үндэсний Хүрээлэн ИНАЛКО-д нэрт хэл зүйч Жак Лэгроныг орлож, Монгол хэлний дүрэм, монгол соёл иргэншлийн хичээлээр тус тус багшилсан.

Шагдарсүрэнгийн Номиндарь

Рэннэ 2 Их сургуульд Соёлын өвийн менежментээр магистрын зэрэг хамгаалсан Шагдарсүрэнгийн Номиндарь нь соёлын биет бус өвийг хамгаалах чиглэлээр мэргэшсэн. Тэрээр 2008 оноос хойш уг салбарт ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, Байгаль Соёлын Өвийг Хамгаалах Сан, Соёлын Биет бус Өвийн Францын Үндэсний Төв, БНСУ дахь ЮНЕСКО-гийн 2-р категорийн байгууллага болох Ази-Номхон Далайн Бүсийн Соёлын Биет бус Өвийг Хамгаалах Олон Улсын  Мэдээлэл, Сүлжээний Төв зэрэг соёлын инженерчлэлийн байгууллагуудад ажиллаж байсан. Нүүдэлчин Зам Холбооны төслийн зохицуулагч тэрээр соёлын биет бус өвийн ЮНЕСКО-гийн жагсаалтуудад тууль, бий биелгээ, хөөмий, наадам зэрэг Монголын өвийн зүйлсийг нэр дэвшүүлэх баримт бичгүүдийг боловсруулахад оролцож байсан туршлагатай. Соёлын биет бус өвийг хамгаалах талаар англи, монгол, франц хэлээр хэд хэдэн илтгэл тавьж, нийтлүүлсэн.

Disque 1

Disque 2

 

Агуулга удахгүй тавигдана...